Монголын Хөгжлийн Төв ТББ-ын суурь үзэл баримтлал буюу концепцийн хүрээ нь тус төвийн хамт олны бодол санаа, хүсэл зорилгыг нэгтгэж, урам зоригийг бадрааж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө утга төгс хувь нэмрээ оруулах үйл ажиллагааг нь залуурдан чиглүүлж байдаг. Чухамдаа энэхүү үзэл баримтлал, концепцийн хүрээн дээр үндэслэн бид өөрсдийн ололт амжилт, бэрхшээлтэй талуудаа дүгнэн, түүнээсээ суралцдаг юм. Дараах концепц ухагдахуун ба зарчмууд нь энэхүү хүрээний хоорондоо уялдаа шүтэлцээтэй зарим гол элементүүд бөгөөд эдгээрийн талаар бид өөрсдийн ойлголтыг улам нэмэгдүүлж, ойлголт ухамсраа нэмэгдүүлэхийн хэрээр үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн нэвтрүүлэхийг эрмэлзэн ажиллаж, туршлагаасаа улам суралцаж байна.
- Хүний мөн чанарын талаарх бидний ойлголт, “Хүн бол үнэлж баршгүй эрдэнэсийн чулуугаар баян уурхай мөн. Зөвхөн боловсрол л түүний баялаг санг нээн илрүүлж хүн төрөлхтөнд ач тусыг нь хүртээж чадна.” хэмээх сургаал дээр суурилдаг.
- Хүн төрөлхтөн эдүгээ шилжилтийн үе шатандаа яваа бөгөөд үүнийг хамтын бага наснаасаа хамтаараа “нас бие гүйцэх”үе шат руугаа шилжиж байна хэмээн тодорхойлж болох юм. Энэхүү шилжилтийн үе шатанд хүн төрөлхтний бага насыг онцолж байсан сэтгэлгээ, хандлага, зуршлаас үүдсэн элдэв саад тотгорууд аажимдаа нуран устаж, оронд нь “нас бие гүйцсэн” үеийн хүч чадал бүрэлдэж, шинэ соёл иргэншлийн бүтэц хэлбэр дүрсээ олж байна. Хөгжлийн салбарт хүчин зүтгэхдээ бид хүн төрөлхтний “нас бие гүйцсэн” үед тохирох, нийгэм, эдийн засаг, оюун санааны хувьд бүх нийтээрээ хөгжин цэцэглэх үндсийг баталгаажуулсан шинэлэг соёлыг нэвтрүүлэхийг эрмэлзэж байгаа юм. Ирээдүйн талаарх бидний зөн хараа туйлын өөдрөг бөгөөд бид энэхүү зөн хараа, өөдрөг үзэл санаагаа өөрсдийн үйл ажиллагаагаар харуулахыг хичээнэ.
- Хөгжил гэхлээр зөвхөн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэсэн үг биш ээ, энэ нь хүн төрөлхтний материаллаг болоод оюун санааны хөгжин буй соёл иргэншлийг бүтээн босгох явцад хувь нэмрээ оруулахад нь хөгжлийн гол хөдөлгөгч хүчин болох хувь хүн, нийгэмлэг хамт олон, институци байгууллагын чадавхыг хөгжүүлэх цогц бөгөөд нарийн цогцолбор үйл явц мөн. Тиймээс чадавх хөгжүүлэх, чадваржуулах нь МХТ-ийн гол арга барил бөгөөд үүнийг тусламж, үйлчилгээ үзүүлэхээс ялгаж ойлгох хэрэгтэй юм.
- Чадавх хөгжүүлнэ гэдэг нь хөтөлбөрт хамрагдаж буй хүүхэд багачууд, насанд хүрэгсдэд хүн төрөлхтний тусын тулд үйлчлэх амьдралаар амьдрахад нь шаардлагатай тодорхой ухагдахуунуудын тухай ойлголт, мэдлэг олгож, шаардлагатай арга барил, ур чадвар, хандлага, зан чанарыг эзэмшүүлэн хөгжүүлэх явдал гэж үздэг.
- Бид хүн төрөлхтний эв нэгдэл, нэг нэгдмэл байдалд гүнээ итгэдэг бөгөөд энэ нь бидний хэрэгжүүлж буй аливаа хөтөлбөрийн ач тус нь зөвхөн нэг нийгэмлэг, нэг улс орны ашиг сонирхолд нийцэх бус, харин бүх хүн төрөлхтний ашиг тусад нийцэж байх ёстой гэсэн үг юм. Баян ядуу, хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй ялгаагүй бүх хүмүүс ашиг тусыг хүртэх ёстой гэсэн үг.
- Бидний хүчин зүтгэл үйлчлэхүйн соёл, хандлагаараа онцгойрох ёстой. Үйлчлэхүйн соёл нь өглөг үйлдэх хэв загвар, патерналист хандлагаас ялгаатай бөгөөд бидний бодол санаа, дотоод сэтгэл, үйл хөдлөл, бусадтай харилцах харилцаанд үйлчлэх сэтгэл, соёл шингэсэн баймаажин бид шинэлэг соёл иргэншлийг бүтээн босгох, бүх нийтийн сайн сайхны төлөө хамтран үйлчлэх үйлсэд хүмүүсийн нуугдмал чадавхыг нээн хөгжүүлж, тэднийг чадваржуулах боломжтой билээ.
- Бид түүнчлэн өөрсдийн хүчин чармайлтад суралцах хандлагыг баримтлах ёстой, мөн манай хөтөлбөрт оролцож буй оролцогчдод ч ийм хандлагыг төлөвшүүлэхийг эрмэлзэнэ. Суралцана гэдэг бол аливаа асуудлаар гүн гүнзгий судалж, хамтран зөвлөлдөж, төлөвлөсөн үйл ажиллагаагаа зоригтой хэрэгжүүлж, хийсэн ажил дээрээ эргэцүүлэн дүгнэлт хийж, улмаар гүн гүнзгий ойлголт ухамсрыг олж, туршлага хуримтлуулах, өөрөөр хэлбэл, эрдэм мэдлэгийг буй болгон, түүнийг ашиглах тасралтгүй үйл явц юм.
- Энэхүү суралцах үйл явцад чухал үүрэг гүйцэтгэх нэг зарчим бол зөвлөлдөөний зарчим бөгөөд үүнийг баримталснаар бид бүх нийтийн оролцоо, хамтын ажиллагааг хангаж, хамтын ухамсар, хүсэл зоригийг үүсгэн бадрааж, улмаар хамтын шийдвэр, үйл ажиллагаа, эргэцүүллийг буй болгох билээ.
- Хөгжлийн төлөө явуулж буй бидний үйл ажиллагаа арга барил, хөтөлбөрийн боловсруулалтын хувьд тогтвортой шинж чанарыг агуулах ёстой. Энэ нь аливаа хөтөлбөрийн үр дүн, үр өгөөж нь богино настай байх ёсгүй, харин урт хугацаанд үргэлжлэх хувьсан хөгжих тодорхой үйл явцуудыг санаачлан эхлүүлэх ёстой гэсэн үг юм.
- Бидний үйл ажиллагаа системтэй байх ёстой. Сайтар боловсруулагдаж, сайтар төлөвлөгдсөн, тодорхой үе шат, мөчлөгт хуваарилагдсан байх бөгөөд нэг шатнаас нөгөө шатанд алхам алхмаар шилжин дэвшихдээ улам төгс боловсронгуй болох ёстой.