1990-ээд оны эхэн үе Монгол орны хувьд нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлтөнд автсан он жилүүд байсан билээ. Хорин хэдхэн насандаа ертөнцийг үзэж нүд тайлахаар 1992 онд Монголыг зорин ирсэн Швейцар залуу эдийн засгийн хүнд хатуу өөрчлөлтүүд хүүхэд багачууд, айл өрхийн сайн сайхан байдал, тэр дундаа хоол хүнсний хүрэлцээ, шим тэжээллэг байдалд сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг ажигласан байна.

Абдул-Бахагийн “Тэнгэрлэг соёл иргэншлийн нууц” номонд аливаа хүнд “нийтийн сайн сайхны эх үүсвэр”, “төрөл нэгт хүмүүсийнхээ энх тунх, сайн сайхан аж амьдрал, аз жаргал, давуу дэвшлийн эх сурвалж” болохоос илүү нэр хүнд, буян хишиг, дээдийн баяр баясгалан үгүй хэмээсэн үгэнд уярсан тэрээр Монголын Хөгжлийн Төвийг анх санаачлан хэсэг нөхдийн хамтаар хүүхдийн хоол хүнсний тэжээллэг чанарыг сайжруулахад чиглэсэн гэр бүлийн хүлэмжний төсөл, мөн олон улсын худалдааны харилцаанд амжилттай оролцох Монголын компаниудын чадварыг дээшлүүлэх бизнесийн англи хэлний сургалт зохион байгуулж эхэлсэн байна. Удалгүй Хүүхдийн эрхийн конвенцийг сурталчлан таниулах, хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг Хүүхдийн эрхийн төв, Хүүхдийн төлөө Үндэсний Төв болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сантай хамтран явуулж эхэлснээр хүүхэд гэр бүлийн сайн сайханд байдалд төвлөрсөн МХТ-ийн үйл ажиллагааны суурь тавигдсан юм.
Анх 1993 онд нийгмийн сайн сайхан байдалд хувь нэмэр оруулах зорилго бүхий санаачилга хэмээн тухайн үеийн Гэгээрлийн Яамны зөвшөөрлөөр үүсгэн байгуулагдсан МХТ нь улмаар Техникийн Их Сургуулийн дэргэдэх судалгааны төв болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байгаад 1998 онд төрийн бус байгууллагын хувьд Хууль зүйн Яаманд бүртгүүлэн албан ёсоор хуулийн этгээд болсон байна.
Ийнхүү 1993 онд нийгмийн сайн сайхан байдалд хувь нэмэр оруулах зорилго бүхий “хувь хүний санаачилга” хэмээх статустайгаар Боловсролын Яамны зөвшөөрлөөр үүсгэн байгуулагдаж байв. Улмаар ТИС-ийн дэргэдэх судалгааны төв нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байгаад 1998 онд Монголын Хөгжлийн Төв ТББ хэмээх нэрээр тухайн үеийн Хуульзүйн Яаманд бүртгүүлэн албан ёсоор хуулийн этгээд болон ажиллаж эхэлсэн.
Анхны алхмаар бид хувийн салбарын байгууллагуудад боловсрол сургалт, тэр дундаа англи хэлний сургалт явуулснаар олон улсын худалдаанд оролцох чадавхыг Монголын компани аж ахуйдад эзэмшүүлэхийг эрмэлзэж байв. Үүнээс улбаалаад тухайн үед шилжилтийн үеийн бэрхшээлийн улмаас амьжиргааны наад захын бүтээгдэхүүн, үүнд шим тэжээлтэй хүнсний ногооны хомсдол үүссэн байгааг ажигласан. Улмаар Монголын Хөгжлийн Төв анхныхаа төслөөр гэр бүл, сургуулийн хүлэмж ашиглахыг хөхиүлэн дэмжихэд чиглэж байв. Ингээд эхний төсөл маань Багануурын сургууль дээр хэрэгжсэн. Тэрнээс улбаалаад гэр бүлийн хэмжээд ашиглах хүлэмжний загварыг боловсруулах үйлдвэрлэж, өрх айлуудад сурталчлан, өөрсдийн хэрэглээнд зориулсан хүнсний жимс ногоогоо тарьж ургуулахыг дэмжиж байв.

Энэ төслийг хэрэгжүүлэх явцад яваандаа бид хүүхдийн тэжээллэг хоол хүнстэй байх, эдийн засгийн эрхийг хөхиүлэн дэмжихээс гадна бусад язгуур эрхийг, жишээлбэл, боловсрол эзэмших эрхийг хамгаалах нь чухал байгаа нь тодорхой болсон. Тэгээд МХТ нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийг сурталчлан таниулах анхны байгууллагын нэг болсон, үүнд хүүхдийн боловсрол эзэмших, хамгаалуулах, эдийн засгийн зэрэг олон эрхийг таниулахад хүчин зүтгэж байлаа.
Энэхүү үйл ажиллагаанаас улбаалан сургууль, цэцэрлэгүүдтэй хамтарч хүүхдийн сайн сайхны төлөө бусад үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Гуч гаруй жилийн турш МХТ энэ чиглэлээр тасралтгүй хүчин чармайлт гаргаж байна.