“Эрдэнэсийн уурхай” бага насны хүүхдийн хөгжил хөтөлбөрийг Макао дахь Бади сан нь Үндэстнүүдийн сургууль, цэцэрлэгийн багш нарын туршлага дээр үндэслэн боловсруулсан болно.
Уг хөтөлбөр нь “Хүн бол үнэлж баршгүй эрдэнийн чулуугаар баян уурхай мөн. Зөвхөн боловсрол түүний баялаг санг нээн илрүүлэх бөгөөд хүн төрөлхтөн түүний ач тусаас хүртэж чадна.” хэмээх хүний мөн чанарын талаарх суурь үзэл баримтлал тулгуурлан хэрэгждэг хөтөлбөр юм.
Бага насны хүүхэд багачуудад үйлчлэхүйн соёлын суурь болох ёс суртахууны чадвар дадлыг төлөвшүүлэх, багш сурган хүмүүжүүлэгч нарт хүүхдийн зан чанарыг төлөвшүүлэх талаар зохих эрдэм мэдлэг ур чадварыг эзэмшүүлж тэдний чадавхыг хөгжүүлэх зорилготой 3-5 насны хүүхдүүд, түүнчлэн тэдэнтэй ажиллаж амьдарч буй багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдийг хамруулсан уг хөтөлбөрийг 2000 оноос эхлэн өнөөг хүртэл Монголын нөхцөл байдалд тохируулан ашиглаж байна.
Хүүхэд нас бол хүний сайн сайхан зан чанар төлөвших, шинжлэх ухаан танин мэдэхүй, математик, хэл болон бусад боловсролын салбаруудын талаарх ойлголтын суурь тавигдах гол үе юм. Мөн энэ насандаа хүний амьдралын зорилго, хувь хүмүүсийн хоорондын харилцааны талаарх суурь ойлголт, концепцүүд хөгжиж эхэлдэг. Хүний хөгжлийн энэ л шатанд төлөвшсөн зан чанарууд, бодол санаа төсөөллүүд нь хувь хүний хөгжил, амьдралд нь гүн нөлөө үзүүлдэг.
Иймд гэр бүл, хамт олныхоо сайн сайхан байдал, нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах чадвартай хувь хүнийг төлөвшүүлж чадах бага насны хүүхдийн боловсролын хөтөлбөрийг хөгжүүлэхэд анхаарах нь чухал юм.
Хүн төрөлхтний нийгмийн амьдралын бараг бүхий л түвшинд асар их хурдацтай явагдаж, шинэ боломж бололцоо, бэрхшээлтэй асуудлуудын аль алиныг нь нийгэмд бий болгож буй их өөрчлөлтийн өнөө үед ёс суртахууны төлөвшилд анхаарах шаардлага зайлшгүй гарч ирж байна.
Гурван жилийн хугацаанд хүүхдийн оюун ухааны болон оюун санааны боловсролыг хөгжүүлэхэд чиглэгдсэн математик, шинжлэх ухаан, ёс суртахууны чадавх хөгжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр боловсруулагдсан хөтөлбөр юм.
